Бизнесийн байгууллагууд, хүний нөөцийн менежерүүд KPI (key performance indicator-гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт) гэдэг нэр томьёог өргөн хэрэглэх болсон. Монголын байгууллагууд дунд KPI-г “ажилтны гүйцэтгэлийг үнэлэх” аргачлалын нэг төрөл гэсэн өрөөсгөл ойлголт нилээд түгээмэл байдаг. Тэгвэл өнөөдрийн нийтлэлээрээ KPI-н үндсэн зориулалтын тухай та бүхэнтэй өөрсдийн мэдлэгээ хуваалцъя.
Ер нь бол бид өдөр тутмын амьдралдаа KPI-г байнга хэрэглэж байдаг. Тухайлбал:
✔ Би гадагш гарахдаа гадаа хэдэн градустай байгааг утаснаасаа хардаг. Хэрвээ хүйтэн байна гэвэл ноос, ноолуур гэх мэт байгаа зузаан хувцасаа өмсчихдөг. Харин дулаахан байна гэвэл нимгэн хувцаслаад гардаг. Гадаа дулаахан байхад хэт зузаан хувцас өмсчихвөл халууцаад, хөлс гараад байдаг, харин хүйтэн байхад нимгэн хувцаслачихвал ханиад хүрчихнэ шүү дээ. Энгийнээр хэлбэл, ямар хувцас өмсөх вэ гэдгээ шийдэхийн тулд “температур” гэсэн KPI-г ашигладаг.
✔ Эмч нар ч гэсэн өвчтний өвчнийг оношлох, тохирсон эмчилгээ хийхийн тулд өөрсдийн гэсэн KPI-г ашигладаг. Хамгийн энгийн жишээ бол “биеийн халуун/дулаан”, “даралт”, “зүрхний цохилт” юм. Хэрэв өвчтний биеийн дулаан +370С-ээс бага бол өвчтнийг халуурч байна гэж үздэг бөгөөд халуун буулгах эм уулгадаг. Цаашилбал, өвчний оношийг нарийн тодорхойлохын тулд цусны шинжилгээ өгдөг. Шинжилгээгээр гарсан үзүүлэлтүүд нь тодорхой тоон үзүүлэлтийн дотор байвал хэвийн байна гэх мэтчилэн оношилдог.
✔ Жолооч нар мөн л адил KPI ашиглаж жолоо барьдаг. Тухайлбал, хянах самбар дээрхи хурд хэмжүүрээр хэдэн км/цаг хурдтай яваагаа мэдэж, хурдаа хасах эсвэл нэмэх шийдвэр гаргадаг. Мөн шатахууны заалтыг харж байгаад хэзээ шатахуун авахаа шийддэг. Хэрвээ шатахууны заалт гэсэн KPI байхгүй бол бид нэг бол байн байн банкны тагаа онгойлгож харж байх, эсхүл шатахуун дуусаад таг зогсохоороо шатахууны эрэлд гарах гэх мэт асуудлуудтай тулгарна. Товчоор хэлбэл, машины хянах самбар дээрхи KPI- -уудыг мэдэхгүйгээр машин жолоодох боломжгүй юм.