Гүйцэтгэлийн соёлын үр дүн, давуу талыг олон байгууллагууд нотлон харуулж байгаа хэдий ч компанийн удирдлагууд Соёл гэдэг зүйлийг хэмжиж, өөрчлөхөд хэцүү гэж бодсон хэвээр л байна. Тиймээс байгууллагынхаа соёлд хөрөнгө оруулахаас татгалздаг байна.

Та бүхэнд ANZ банк гүйцэтгэлийн соёлыг хэрэгжүүлсэн туршлагаас хуваалцъя:

Арваад жилийн өмнө энэ банк өөрсдийн зорилгоо “Уламжлалт өсөлтийн стратегиас зайлсхийж, банкны үр ашгийг өсгөхийн тулд байгууллагын соёлоо шинэчлэн өөрчилнө” гэж тодорхойлжээ. Гүйцэтгэлийн соёлыг хэрэгжүүлж эхэлсэн эхний хоёр жилд ANZ банкны “үнэт зүйлсээ мэддэг” ажилчид 20-80 хувь, “хурал,уулзалтуудын бүтээмж” 61-91 хувь болж, нэг ажилтанд ногдох орлого 89 хувиар өсч, банк нь хувьцаа эзэмшигчдийн ашиг болон үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн нийт өгөөжөөр өрсөлдөгч байгууллагуудаа гүйцэж түрүүлэв. Гүйцэтгэлийн соёлыг хэрэгжүүлж эхэлснээс хойш бүтэн арван жилийн дараа ANZ банкны татварын дараах ашиг 15 хувийн дундаж өсөлттэйгөөр салбараа тэргүүлсэн байна.

ИЙМ ҮР ДҮНД ХҮРЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Алхам:1 Байгууллагынхаа соёл, түүний хэмжүүр үзүүлэлтүүдийн талаарх нийтлэг ойлголтыг тодорхой болго. Өөрийн байгууллагадаа тохирсон соёлыг тодорхой болгож, тэр соёл бүрдсэн эсэхийг ямар үзүүлэлтээр хэмжих хэмжүүр үзүүлэлтүүдээ тодорхойлно. Хэмжүүр үзүүлэлтүүд нь хурлын бүтээмж, нэг ажилтанд ногдох орлого, сэтгэл ханамжийн төвшин гэх мэт янз бүр байж болно.

Алхам:2 Соёлыг өөрчлөх хамгийн чухал хүчин зүйлсэд анхаарлаа төвлөрүүл. Алхам 1 дээр тодорхойлсон хэмжүүр үзүүлэлтүүдээс хамгийн чухлыг нь сонго. Богино жагсаалтад анхаарлаа төвлөрүүлэх нь хүн бүрийг хамгийн чухал өөрчлөлтөд анхаарахад тусалдаг. Жишээ нь: ANZ банк гүйцэтгэлийн соёлыг бий болгохдоо эхний 18 сард байгууллагын үндсэн ойлголтууд, нээлттэй ил тод байдлыг бий болгохыг зорьсон байна. 18 сарын дараа удирдлагууд эдгээр үзүүлэлт дээр хангалттай үр дүн гарсны дараагаар инноваци, ажилтнуудын ур чадвар, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг өсгөх гэсэн үзүүлэлтүүд рүү шилжсэн байна.

Алхам:3 Соёлыг өөрчлөх хүчин зүйлүүдээ бизнесийн төсөл, хөтөлбөрүүдтэй нэгтгэ. Хэрвээ байгууллагын “үнэт зүйлсээ мэддэг” ажилтнуудын хувь үзүүлэлтийг гол хүчин зүйлээ болгосон бол үүнтэй холбоотой төсөл, хөтөлбөр зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн үг. Жишээ нь: Би үнэт зүйлсээ мэддэг ажилтан уралдаан зохион байгуулах гэх мэт өдөр тутамдаа ярьдаг, хэрэгжүүлдэг байх хэрэгтэй юм.