Би өөрийн шууд удирдлага дахь ажилтнуудтайгаа 1х1 уулзалтаа долоо хоног бүр хийдэг байлаа. Харин нэг удаа төслийн ажлын шахуу хувиараас болоод уулзалтаа 2 долоо хоног хийж чадаагүй юм. Төсөл ид дундаа орж, ажил ундарсаар…
Тэр үед нэг ажилтан маань 7 хоногийн хурал дээр ажлын явц, цаашдын төлөвлөгөөгөө ярьж байснаа ажлаасаа гаръя, “ажилдаа ирнэ гэхээс дургүй хүрч байна” гэж хэллээ. Багийн гишүүд маань өөрийн дуртай ажилдаа ид хаваа гайхуулан, эрч хүчтэйгээр ажиллаасай гэж хүсдэг миний хувьд энэ үг хүндээр туссан юм. Уг нь манай ажилтнууд залуу, эрч хүчтэй, нээлттэй хамт олон юм. Нээлттэй, илэн далангуй учраас ч явцын хурал дээр ажилтан шууд өөрийгөө ингэж илэрхийлсэн байх.
Ингээд би шийдвэрийг эргэлзэх зүйлгүйгээр, нэн даруй гаргалаа. “Ажлаа 3 хоногийн дотор О-д хүлээлгэж өгөөрэй”. Учир нь түүнийг дуртай ажлаа олоод, аз жаргалтайгаар хийгээсэй гэж хүссэндээ шүү дээ. Дургүй ажилд нь хүнийг хүчээр байлгаж, хүний урам зориг, эрч хүчийг мохоогоод яахав дээ.
Гэтэл орой нөгөөх маань залгаж байнаа. “Уучлаарай, би уг нь ажлаасаа гаръя гэж бодоогүй юмаа. Та надтай 1х1 уулзалтаа хийгээгүйгээс л болоод би өнөөдөр тэгээд хэлчихлээ.” гэдэг юм байна. Ямар нэгэн үл ойлголцол, ялангуяа би ажилтнаа ойлгоогүй юм байна гэсэн бодол толгойд зурсхийв. Юуг ойлгоогүй өнгөрөөчихөв гэсэн сониуч зан хөдлөв. Ингээд яриа өдөж, түүний дотоод сэтгэлийг нээх тактикийн ажиллагаандаа орлоо. Ажилтанд ар гэрт нь асуудал үүсч, түр хугацааны чөлөө аваад, зохицуулах шаардлага гарчээ. Түр чөлөө авья гэж бодож байтал би гэдэг хүн ийм ч ажил хий, тийм ч ажил хий гээд баахан үүрэг даалгавраар дарчихаж. Би түүнийг сонсохгүй, анхаарахгүй байсан учраас л гарья гэж хэлж, миний анхаарлыг татсан байж. Надад ганцаарчилж хэлье (ганцаарчилж сэтгэлээ нээх боломжийг 1×1 уулзалт маань олгодог) гэж бодож байсан ч, би тэр боломжийг (2 долоо хоног ганцаарчилж уулзаагүй) нь олгоогүй байжээ. Ингээд бид хоёр учир зүйгээ ойлголцож, богино хугацааны чөлөө олгоод, тэр маань ч эрч хүч, энергээр бялхаад л ажилдаа эргээд ороод ирсэн юм даа.
Хүн бүрт өөрийгөө илэрхийлэх төрөл бүрийн хэрэгцээ байдаг. Магадгүй сэтгэл зовоосон асуудлаа хэн нэгэнд ярьж тайтгарах, эсвэл амжилт гаргачихаад түүнийгээ удирдлага нь үнэлээсэй гэж хүсэх гэх мэт өөрийгөө илэрхийлэх хэрэгцээ дуусашгүй юм. Удирдлага хүний хувьд ажилтнаа сонсож, түүний нүдээр ертөнцийг харж, түүнийг ойлгож байх нь ажилтанд итгэл үнэмшил, урам зоригийг өгч байдаг. Энэ боломжийг 1х1 уулзалт өгдөг юм байна гэж ойлгож авлаа… Баярлалаа 😊