Чоно гөрөөсийг гүйцэж барьж чадах эсэхийг мэдэхийн тулд “хурд” гэсэн гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийг хэмжиж үзэх хэрэгтэй. Гөрөөс аливаа араатан амьтдаас хөлийн хурдаараа зугатаж чаддаг шүү дээ. Гөрөөс ойролцоогоор 96.6 км/цагийн хурдтай давхидаг бол чоно 50-60 км/цагийн хурдтай давхидаг байна.
Дээрхи хоёр тоон үзүүлэлтийг харьцуулахад чоно гөрөөсийг барина гэдэг бүтэшгүй зүйл мэт санагдаж байж магадгүй. Чоно гөрөөсийг хөөж барихыг хүсвэл хурд хэмээх гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтийн зорилтот түвшин нь 96.6 км/цаг болох юм. Эсвэл гөрөөсийг унтаж байхад нь очиж барих уу? Үнэндээ монголын тал нутгийн гөрөөс унтаж байхдаа ч маш сонор сэрэмжтэй байдаг. Тэдний чих унтаж байхдаа ч соргогоор сонсож чаддаг байна. Тэгэхээр чоно нэгэнтээ гөрөөснөөс удаан давхидаг болохоор гөрөөсийг барихаас шантарч, бүрмөсөн болих уу?
Чоно бол маш ухаантай амьтан. Тэд гөрөөсийг нэгэнт хөөж барьж чадахгүй тул гөрөөсний сул талыг ажиглаж мэдсэн байдаг. Гөрөөсний “хурд” хэмээх гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлт нь цөөн хэдэн тохиолдолд буурдаг гэвэл та итгэх үү? Үүний нэг тохиолдолд нь гөрөөс шээж байхдаа хурдан давхиж чаддаггүй. Учир нь яг энэ үед гөрөөсний хөлийн булчин сулардаг байна. Үүнийг мэддэг хашир туршлагатай чоно гөрөөсийг бүтэн өдөржин, шөнөжин холоос ажиглаж, маш тэвчээртэйгээр хэвтдэг. Шөнөжин тайван нойрссон гөрөөс өглөө сэрээд шээж эхлэх яг тэр мөчид чоно гөрөөсний араас ухасхийдэг байна. Гөрөөс ч энэ үед хурдан давхиж чадахгүй, чононы олз болдог.
Бизнесийн асар их өрсөлдөөнтэй өнөөгийн нийгэмд бид зорилтот үр дүндээ хүрэхийн тулд гүйцэтгэлийн түлхүүр үзүүлэлтээ тодорхойлох хэрэгтэй. Амжилтанд хүрэхийн тулд ямар гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт ямар түвшинд байх ёстой вэ? (Чоно гөрөөсийг барихын тулд гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлт нь 96.6 км/цаг байх ёстой гэдгийг санана уу?) Ингээд бодит нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид хэрхэн зорьсон үр дүндээ хүрэх вэ гэдэг шийдвэрүүдийг гаргах нь амжилтын үндэс юм.
Гүйцэтгэлийн хэмжүүр үзүүлэлтүүдээр мэргэшсэн зөвлөх James Harrington нэгэнтээ “Хэрэв та хэмжиж чадахгүй бол ойлгож чадахгүй, ойлгож чадахгүй бол хянаж чадахгүй, хянаж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэж хэлсэн байдаг. Гүйцэтгэлийг хэмжих нь амжилтын үндэс юм.
Яагаад гэдгийг та дахин нэг эргэцүүлээд үзээрэй.
KPI-н тухай нийтлэлийг ЭНД дарж уншаарай.