Хэдхэн жилийн өмнө маш олон байгууллагын хүний нөөц, байгууллагын удирдлагууд надаас ажилтны KPI-аа яаж зөв тооцох уу гэсэн утгатай маш олон асуултууд асуудаг байлаа. Энэ асуултын цаад агуулга нь ажилтныхаа гүйцэтгэлийг яаж оновчтой үнэлж, урамшуулал/бонусыг нь тооцож өгөх вэ? гэсэн утгатай байдаг. (Манай өмнөх нийтлэлүүд, подкаст, сургалтуудаар KPI бол ажилтны гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал биш юмаа гэдгийг ойлгож авсан бизээ.)
Харин сүүлийн жилүүдэд урамшууллын бодлогоо яаж ажилтны гүйцэтгэл, бүтээмжтэй холбож тооцох вэ? гэж асуудаг болоод байгаа.
Энэ асуултад цэгцтэй, системтэй хариулахын тулд юуны өмнө “урамшуулал” гэж юу вэ? гэдгийг ойлгох хэрэгтэй. Урамшуулал нь цалин хөлсний бүрдлийн нэг юм.
Байгууллага ажилтны цалин хөлсний хэдэн хувь нь үндсэн цалингаас, хэдэн хувь нь нэмэгдэл хөлс, нэмэгдлээс, хэдэн хувь нь урамшууллаас бүрдсэн байх харьцаа, цалин хөлсний бүтцээ эхлээд тодорхойлсон байх шаардлагатай.
Миний уулзаж байсан ихэнх байгууллагын удирдлагууд үнэхээр өндөр гүйцэтгэл гаргаж ажиллаж байгаа ажилтандаа өндөр урамшуулал өгөхөд бэлэн байдаг, мөн урамшууллаа аваасай ч гэж хүсдэг. Миний хувьд ч ажилтнуудаа урамшууллаа аваасай гэж чин сэтгэлээсээ хүсч, яавал урамшууллаа авах талаар ихээхэн ач холбогдол өгч ажилтнуудтайгаа ярилцдаг. Урамшууллын болзлоо хангахгүй бол өмнөөс нь гол харлаад байдаг. Урамшуулал авна гэдэг нь зөвхөн мөнгө авах тухай ч биш, тухайн ажилтан “би чадчихлаа шүү” гэсэн бахархал, итгэл, урам зориг авах тухай юм шүү дээ.
Нөгөө талаас ажилтнууд өндөр гүйцэтгэлтэй ажиллаж, байгууллагын орлого, ашиг өсөх хирээр байгууллагын цалин урамшууллын төсөв өсч, ажилтан илүү өндөр урамшуулал авах боломжтой юм.
Энэ тэнцвэрийн бодлогыг ажилтан ч, ажил олгогч ч маш сайн ойлгож, хангуулж байх шаардлагатай. Ингэж хоёр талаас тэнцвэртэй хангуулах боломжийг урамшууллын бодлого олгодог.
KPI-аас хамаарсан мөнгөн урамшуулал тооцохдоо хоёр аргаар тодорхойлж болдог.
Нэгт, Тухайн нэг KPI-аас шууд хамааралтай (KPI x ₮) олгоно. Тухайлбал: Борлуулалтын орлогын xxx%-ийг урамшуулалд олгох, Нэгж бүтээгдэхүүн, үйлчилгээ (өдөрт 10 хувцас оёх нормтой, хувцас тутамд xxx төгрөгийн урамшуулал)- ний тоо хэмжээ тутамд xxx төгрөгийн урамшуулал олгох гэх мэт.
Хоёрт, KPI ашиглаж ажилтны гүйцэтгэлийг үнэлээд, ажилтны гүйцэтгэлийн үнэлгээнээс хамаарсан урамшуулал олгох.
Урамшууллын бодлогыг маш системтэй, нарийн төлөвлөж хэрэгжүүлэх ёстой. Эс бөгөөд ажилтнууд авах ёстой цалин мэтээр ойлгож, урамшууллаа авахдаа урам зориг, идэвхи зүтгэл нь нэмэгдэхгүй байх талтай. Бүр эсрэгээрээ урамшууллаа авахгүй бол, миний цалинг хасчихлаа гэж бухимдах ч тохиолдол бий. Иймээс бидний зүгээс та бүхэнд цогц, системтэй сургалтыг санал болгож байгаа юм.